Өрхийн эрүүл мэндийн төвийн талаар баримталж буй бодлогыг тодруулахаар ЭМЯ-ыг зорьсон боловч холбогдох мэргэжилтэн нь “Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрынхнаас асуу. Өрхийн эмнэлгийг тойрсон гомдол, шүүмжлэл их гарч буй нь мэргэжлийн бус хүн удирдах албан тушаалд ажиллаж байгаатай холбоотой” гэв. 

Нийслэлийн Эрүүл мэндийн газарт очиход эл асуудлыг хариуцсан мэргэжилтэн нь “Өрхийн эрүүл мэндийн төвтэй холбоотой асуудал их гарч байгаа тул мэдээлэл өгч болохгүй гэсэн заавар дээрээс өгсөн” гэв. 

Хэд хэдэн хүнтэй уулзсаны эцэст тус газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Б.Баатарсүхээс цөөн асуултад хариулт авах боломж олдсон юм.

-ЭМЯ-ны холбогдох мэргэжилтнээс Өрхийн эрүүл мэндийн төвийн талаар мэдээлэл авахаар очиход танайхыг мэднэ гэлээ. Энэ асуудлаар танай газар ямар бодлого баримталж байна вэ?

-ЭМЯ бодлого боловсруулдаг газар тул Өрхийн эрүүл мэндийн төв тэднийд хамаатай. Яагаад тийм хариулт өгснийг мэдэхгүй юм. Манайх нийслэлд үйл ажиллагаа явуулж буй Өрхийн эрүүл мэндийн төвийн талаар мэдээлэл өгнө үү гэхээс улсынхыг мэдэхгүй. Өрхийн эрүүл мэндийн төв нь эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд хүргэх өвөрмөц бүтэц, тогтолцоотой байгууллага. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа хувийн хэвшлийн байгууллага юм. 

-Өрхийн эрүүл мэндийн төв хаана харьяалагддаг болчихов оо. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эмнэлгүүд танай харьяа юу?
-Мөрдөж буй хууль тогтоомжийн дагуу харьяа гэж хэлж болохгүй. Учир нь Өрхийн эрүүл мэндийн төв бие даасан, хувийн хэвшлийн байгууллага. Бид зөвхөн хуульд заасан үүрэг, эрхийнхээ дагуу мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлдэг. Өрхийн эрүүл мэндийн төвийн дотоод асуудалд оролцох эрхгүй. 

-Өрхийн эрүүл мэндийн төв иргэдэд хүрэлцээтэй байж чадаж байна уу? 
-Хоёр мянган хүнд нэг эмч, 8-14 мянган хүний дунд өрхийн эрүүл мэндийн нэг төв ажиллах ёстой гэсэн стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг. Нийслэлийн эрүүл мэндийн газар, төр захиргааны холбогдох байгууллага Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга байгууламж, хүний нөөц, эмч нарыг бэлтгэх, сургах зэрэг ажлыг шат дараатай хийсээр ирсэн. Манай судалгаагаар өрхийн эрүүл мэндийн 128 төвийн 119 нь зориулалтын байртай. Үүнээс цогцолбор байртай (хороо, цагдаагийн хэлтэс) 75, зориулалтын байртай 43 төв байгаа бол түрээсийн байранд арав орчим нь үйл ажиллагаа явуулдаг. Тэднээс 93 нь машинтай.

-Өрхийн эрүүл мэндийн нэг төвд хэчнээн эмч ажилладаг вэ? 
-Дунджаар 4-5 эмч, 4-5 сувилагч ажилладаг. Мөн холбогдох ажилтнууд ч бий. 

-Өрхийн эрүүл мэндийн төвд дөнгөж сургууль төгссөн эмч нар ажилладаг учраас туршлагагүй, чадваргүй гэж үзэх хүн олон байдаг бололтой.
-Эрүүл мэндийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн мэргэжилтэн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх газарт хоёр жил ажиллана гэсэн журам манай улсад мөрдөгддөг. Сургууль төгссөн шинэ эмч Өрхийн эрүүл мэндийн төвд хоёр жил ажиллаад дараачийн шатны эмнэлэг рүү шилжиж болно. 

-Эмч нар “Бид том эмнэлэгт сайн эмчийг дагалдаж дадлагажаад, дараа нь Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллавал илүү үр дүнтэй” гэдэг юм билээ? 
-Энэ бол ЭМЯ, БШУЯ-ныхны шийдэх асуудал. 

-Өрхийн эрүүл мэндийн төвд тулгамдаж буй асуудал юу байна вэ?

-Эмч, ажилтны мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд хөрөнгө мөнгө, хугацаа их шаарддаг. Мөн Өрхийн эрүүл мэндийн төвийн орчин, барилга байгууламжийг сайжруулах, стандартад нийцүүлэх, ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг тулгамдаж байгаа асуудал олон бий.

Э.Эрдэнэцэцэг