Ер нь өрхийн эрүүл мэндийн төвийн ажлыг яг хаанах хянаж, үүрэг өгдөг юм бол? Энэ талаар салбарынхнаас асуухад, өрхийн эмнэлгийг аймаг дүүргийн Засаг дарга, аймгийн эрүүл мэндийн газар, дүүргийн эрүүл мэндийн нэгдэлтэй гурвалсан гэрээ байгуулсан байдаг аж. Энэ гэрээ ёсоор аймаг, дүүргийн Засаг даргын тамгын газар, эрүүл мэндийн газар нэгдлүүд гээд ажлын хэсэг жилд хоёр удаа дүгнэдэг байна. Гэтэл өрхийн эмч нар хамгийн муу нэртэй эмч нар байдаг бөгөөд цалин хамгийн муу байдаг аж. Хангалттай тоног төхөөрөмж байхгүй, дэндүү ачааллалтай ажилладаг болохоор аль аль талдаа хэцүү байдаг гэх юм. Уг нь 8000 орчим хүн амтай өрхийн эмнэлэгт гэхэд дөрвөн сувилагч, дөрвөн эмчээс гадна хөтөч сувилагч мэдээллийн ажилтан, нягтлан бодогч ажиллах нормтой талаар салбарынхан хэлж байна. Үүн дээр нэмээд нөхөн сэргээлтийн эмчилгээ, ялангуяа иллэг, бариа хийдэг эмч эсвэл сувилагч хэрэгтэй байгаа ажээ. Гэтэл бодит байдал дээр өрхийн эмнэлэгт дээд тал нь дөрвөн хүн л ажиллаж байх юм. Тиймээс эхлээд эмч, сувилагч нарынхаа тоог нэмэгдүүлж байж чанарын тухай ярих хэрэгтэй байх. Харин өрхийн эмнэлэг цаашдаа дээд шатлалын эсвэл хувийн эмнэлэгт хийлгэдэг, наад захын цусны, шээсний шинжилгээг өрхийн эмнэлэгт хийдэг болмоор байна. Хариу нь өдөртөө өдөртөө гарчихдаг ийм шинжилгээний хэрэгтэй төхөөрөмжийг нь шийдээд, хүн хүчийг нэмээд өгвөл эмнэлгийн үйлчилгээ улам л ойртох биз.
Монголчуудын “экстрим” буюу туйлын сэтгэхүй хаана л болж бүтэхгүй байна гэсэн газар нэмж хачирлаж, дуу нэмнэ. Болох газар ч бас байдаг юм гэдгийг ийнхүү хүүрнэхийг зорив.
У.БОЛОР